Сэрэмжлүүлэг

Эмэгтэйчүүд, ялангуяа охид бүсгүйчүүд төлөвлөөгүй буюу хүсээгүй жирэмслэлтийг зогсоох зорилгоор үр хөндүүлэх, түүн дотроо эмээр үр хөндүүлэх замыг сонгож байна.

       Эмийн үр хөндөлт нь өөрөө дур мэдэн эм авч уух юмуу хэн нэгний заавраар хэрэглэх зүйл огт биш бөгөөд эмийн эмчилгээний стандартын дагуу хийгдэх ёстой гэдгийг иргэд маш сайн ойлгох ёстой. Эмчийн хяналтгүйгээр эм уух – аюултай үр хөндөлтийг сонгосноор цус алдах,  үрэвсэл үүсэх, ураг ихэсийн үлдэгдэл умайд үлдэх, дахин жирэмслэх боломжгүй болох, цаашлаад амь насанд аюултай нөхцөл байдал үүсэх боломжтой.

Манай аймгийн хэмжээнд тус эмийг Улаанбаатар хотын зах дээрээс эсвэл хүнээс авч уусан гэх хууль бус тохиолдлууд цөөнгүй гарч цус алдаж хүндрэн эмнэлэгт хүргэгдэж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж байна.

Иймд үр зулбуулах үйлдэлтэй эмийг зөвхөн мэргэжлийн эмчийн хяналтан дор жирэмсний тодорхой хугацаанд хэрэглэх ёстой бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй, чанарын баталгаагүй эмийг хар зах, хувь хүнээс худалдан авч эмчийн заавар зөвлөгөөгүй хэрэглэх нь эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.

Мөн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд та бүхэн төлөвлөөгүй буюу хүсээгүй жирэмслэлтийг жирэмсэн болсон хойноо таслан зогсоох арга хэмжээг авахын оронд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг сонгох, мөн гэр бүл төлөвлөлтийг зөв хийх хэрэгтэй.

Эрүүл мэндийн газар

Эмийн гаж нөлөө

Эмийн гаж нөлөөний мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх шаардлагатай.

emgajnuluu

Эмийн гаж нөлөөний мэдээллийг цаг алдалгүй, үнэн зөв мэдээлснээр мянга мянган эмчлүүлэгчдийн эмнээс шалтгаалах өвчин шаналалыг бууруулж, амь насыг аварч чадна.

Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагаа ямар зохицуулалтаар явагддаг вэ?

Энэ механизм нь эргэх тогтолцоогоор явагддаг. ЭМС-ын 2013 оны 415-р батлагдсан “Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлэх журам”-ын хүрээнд хэрэгжин явж байна.  Эмчлүүлэгчид, иргэдийн гаж нөлөөний мэдээлэл эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаар дамжин Эрүүл мэндийн хөгжлийн төвд үнэлсэн үнэлгээ, шар хуудасны хамт ирүүлнэ. Эрүүл мэндийн хөгжлийн төв ирүүлсэн мэдээллээр мэдээллийн сан үүсгэн, Эм судлалын салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулна. Баталгаажуулсан мэдээллийг цаашид Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдвэр гаргана. Эргээд иргэд, эмчлүүлэгчид, эрүүл мэндийн ажилтнууддаа энэ тухай үнэн зөв мэдээллээр хангана.

Эмийн гаж нөлөө гэж юу юм бэ, ямар ач холбогдолтой зүйл вэ?

Гаж нөлөө нь ерөнхийдөө эмчилгээний явцад үүсч байгаа хүсээгүй буюу хортой нөлөө бөгөөд эмийн аюулгүй байдлын томоохон үзүүлэлт, эмийн бүртгэлийн дараах тандалт судалгааны хамгийн гол зохицуулалт юм. Эмийн гаж нөлөөнөөс болж хөгжлийн бэрхшээлтэй болох, төрөлхийн гажиг үүсэх, удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт, түүнчлэн эдийн засгийн хувьд ихээхэн хор уршигтай бөгөөд хамгийн гол нь урьдчилан сэргийлж болохуйц юм. Тиймээс та цаг алдалгүй түргэн шуурхай фармаковижилансын төв /Эрүүл мэндийн хөгжлийн төв –Эмийн зохицуулалтын алба /-д мэдээлэх нь чухал. Эмийн гаж нөлөөг мэдээлэх нь эрүүл мэндийн байгууллагын ажилтны мэргэжлийн үйл ажиллагааны нэг хэсэг, эмнэл зүйн зохистой дадлыг хэмжих үзүүлэлт бөгөөд тухайн эмнэлгийн үйл ажиллагааны чанарыг тодорхойлох шалгуур үзүүлэлт, хүлээсэн үүрэг хариуцлагаюм. Иргэдэд ч гэсэн энэ ойлголт мөн адил хамаарах юм.

Та энэ мэдээллийг мэдээлсэнээр мянга, мянган эмчлүүлэгчдын эмнээс шалтгаалах өвчин шаналалыг бууруулж, амь насыг аварч чадна. Мянга мянган эмчлүүлэгчид дотор таны гэр бүл, эцэг эх, найз нөхөд хэн ч орж болох юм. Тиймээс та гаж нөлөөний тохиолдол бүрийг цаг алдалгүй түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэх нь хамгийн чухал юм.

Эмийн гаж нөлөөнөөс яаж сэргийлэх вэ?

Эмийн гаж нөлөөг өвчний ялган оношлогоонд зайлшгүй харгалзан үзэх ёстой асуудал юм. Эмийн гаж нөлөөг цаг алдалгүй таньж илрүүлэх, эмчилгээг өөрчлөх, арга хэмжээ авах нь чухал ач холбогдолтой. Эмийн гаж нөлөө олон хэлбэрээр, дархлалын урвал болон олон эд, эрхтэнийг гэмтээх байдлаар үүсдэг учраас энэ тал дээр эмнэлгийн мэргэжилтнүүд маань анхааран үзэх зайлшгүй шаардлагатай юм.  Эмийн гаж нөлөөний эрсдэлт бүлэгт 60-аас дээш насны болон олон эм хэрэглэж байгаа хүн түүнчлэн шинэ эм хэрэглэж байгаа хүн ордог. Тэгэхээр эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн ууж хэрэглэхгүй байх, эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх, олон эмийг зөвхөн шаардлагтай үед эмчийн заавраар хэрэглэх, эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэххэрэгтэй. Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэх үед таны биед таагүй сөрөг нөлөө илэрвэл эмчид үзүүлэхдээ энэ талаар нэн даруй мэдэгдэх хэрэгтэй.Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний хүчин зүйлээс хамаарч буруу эм сонгох болон буруу эмийн хослолыг нэг жоронд бичих, эмийг хэрэглэх арга буруу байх, тохиромжгүй тунгаар хэрэглүүлэх, эмчилгээний хугацааны буруу сонголтоос хамаарч гаж нөлөө илэрч болно.

Мөн эмийн гаж нөлөө хэд хэдэн хэлбэрүүдтэй. Эхнийх А-хэлбэр Эмийн фармакологийн үйлдэлтэй холбоотой үүснэ. Иймээс энэ төрөл нь тунгийн хамааралтай байдаг. А хэлбэрийн гаж нөлөөг эмийг бүртгэж, зах зээлд гаргахаас өмнөх эмнэл зүйн судалгааны явцад судлан тогтоодог. Дараагийнх нь Б-хэлбэр энэ нь зөвхөн тухайн эмээс хамаарахаас гадна өвчтөний онцлогоос хамаарна. Мөн харшлын буюу дархлалын урвалд суурилсан олон хэлбэрийн, урьдчилан тааварлах боломжгүй байдаг. Энэ хэлбэрийн гаж нөлөө гэнэт илэрч, эмийн тунгаас хамааралгүй, хүнд явцтай байх нь элбэг. Иймээс энэ хэлбэрийн гаж нөлөөг мэдээлэх хэрэгтэй. Түүнчлэн С.Д,Е гэсэн хэлбэрүүд байдаг. Эдгээр хэлбэрүүд нь Эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед, эм хэрэглэснээс хойш хожуу хугацаанд, эмийг зогсоосны дараагаар үүсдэг гаж нөлөөнүүд юм.

Хамгийн сүүлд нэмж хэлэхэд:

Түүнчлэн 2014 онд Эрүүл мэндийн сайдын 365 дугаар тушаал: “Эмийн аюулгүй байдлын хяналт үнэлгээний тогтолцоо  (фармаковижиланс) -г бэхжүүлэх стратеги”/2014-2018/батлагдан хэрэгжин явж байна.Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааны журам, бүртгэгдсэн гаж нөлөөний мэдээлэл, явуулсан сургалтын мэдээлэл тус төвийн цахим хуудсанд байгаа тул та дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл

antibiotikХэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.

Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.

Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал, гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог.

Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж  илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмч, эмийн мэргэжилтэнд  даруй мэдэгдээрэй.

Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай.

Хугацаа дууссан бол бүү хэрэглээрэй.

Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.

Та уух гэж байгаа эм бэлдмэлийн заавартай сайн танилцах хэрэгтэй. Хэрвээ энэ талаар заавар байхгүй бол эмч, эмийн мэргэжилтнээс өөрийн эрүүл мэндийн төлөө заавал зөвлөгөө авч заншаарай.

Түүнчлэн эм нь зарим хүнсний бүтээгдэхүүнтэй харилцан нөлөөлснөөс үйлчлэл эерэг, сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал, эмийн үйлчлэл согтууруулах ундаа, тамхи хэрэглэсэн үед буурах тохиолдол байна. Мөн жимсний шүүсний хүчиллэг чанар нь пенициллин мэтийн антибиотикийн үйлдлийг бууруулдаг бол сүүн бүтээгдэхүүн тетрациклины үйлдлийг саармагжуулдаг байна. Иймд эмийг зөвхөн цэвэр ус, буцалгасан усаар даруулж уух нь зүйтэй.

ТАНЫ ҮҮРЭГ ЮУ ВЭ ?

  • Би эмийг дур мэдэн сонгох ёсгүй.
  • Миний хэрэглэх эмийг зөвхөн эмч сонгож өгнө.
  • Би зөвхөн эмчийн үгийг сонсоно.
  • Би эмээ баталгаатай газраас (эмийн сан) авах ёстой.

Антибиотик гэж юу вэ?

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл.     Харин  вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй.

Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:

  • Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө.
  • Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө.
  • Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно.

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

Хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл:

  •  Өвчний шинж тэмдэгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болдог.
  •  Өвчин архагшина.

Тунг  хэтрүүлэн хэрэглэвэл:

  •  Зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг.

Заасан хугацааны туршид гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол:

 Эмчилгээ дутуу хийгдэнэ.

  •  Өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.

Антибиотикийн дасал гэж юу вэ?

Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний  үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.

Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.

Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. 

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

      Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх

      Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх

      Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх

      Ихэнхи антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх

2016 он

ГОВЬ-СҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР