Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл

antibiotikХэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.

Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.

Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал, гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог.

Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж  илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмч, эмийн мэргэжилтэнд  даруй мэдэгдээрэй.

Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай.

Хугацаа дууссан бол бүү хэрэглээрэй.

Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.

Та уух гэж байгаа эм бэлдмэлийн заавартай сайн танилцах хэрэгтэй. Хэрвээ энэ талаар заавар байхгүй бол эмч, эмийн мэргэжилтнээс өөрийн эрүүл мэндийн төлөө заавал зөвлөгөө авч заншаарай.

Түүнчлэн эм нь зарим хүнсний бүтээгдэхүүнтэй харилцан нөлөөлснөөс үйлчлэл эерэг, сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал, эмийн үйлчлэл согтууруулах ундаа, тамхи хэрэглэсэн үед буурах тохиолдол байна. Мөн жимсний шүүсний хүчиллэг чанар нь пенициллин мэтийн антибиотикийн үйлдлийг бууруулдаг бол сүүн бүтээгдэхүүн тетрациклины үйлдлийг саармагжуулдаг байна. Иймд эмийг зөвхөн цэвэр ус, буцалгасан усаар даруулж уух нь зүйтэй.

ТАНЫ ҮҮРЭГ ЮУ ВЭ ?

  • Би эмийг дур мэдэн сонгох ёсгүй.
  • Миний хэрэглэх эмийг зөвхөн эмч сонгож өгнө.
  • Би зөвхөн эмчийн үгийг сонсоно.
  • Би эмээ баталгаатай газраас (эмийн сан) авах ёстой.

Антибиотик гэж юу вэ?

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл.     Харин  вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй.

Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:

  • Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө.
  • Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө.
  • Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно.

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

Хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл:

  •  Өвчний шинж тэмдэгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болдог.
  •  Өвчин архагшина.

Тунг  хэтрүүлэн хэрэглэвэл:

  •  Зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг.

Заасан хугацааны туршид гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол:

 Эмчилгээ дутуу хийгдэнэ.

  •  Өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.

Антибиотикийн дасал гэж юу вэ?

Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний  үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.

Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.

Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. 

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

      Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх

      Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх

      Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх

      Ихэнхи антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх

2016 он

ГОВЬ-СҮМБЭР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР